Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл (Зорилго)
Энэхүү нөхцөл нь Солонгосын анагаах ухааны судалгааны хүрээлэн(цаашид “KMI”)-гийн вебсайт болон гар утасны аппликейшнаар үзүүлэх цахим үйлчилгээ (цаашид “үйлчилгээ”)-г ашиглах харилцааг зохицуулна.
2 дугаар зүйл (Нэр томьёоны тодорхойлолт)
- Хэрэглэгч: Энэхүү нөхцөлийн дагуу KMI-ийн үйлчилгээ авдаг болон бүртгүүлсэн хүнийг хэлнэ.
- Хувийн мэдээлэл: “Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувийн мэдээллийг хэлнэ.
- ID: Гишүүн үйлчилгээг ашиглахаар тус сайтад нэвтрэхэд хэрэглэдэг таних мэдээлэл юм.
- Нууц үг: Гишүүн хувийн мэдээллээ хамгаалахаар өөрөө тохируулсан үсэг, тоо эсвэл тусгай тэмдэгтийн хослол.
- Гишүүнчлэл цуцлах: Хэрэглэгч үйлчилгээ ашиглаж эхэлсний дараа үйлчилгээний гэрээг дуусгавар болгох үйлдэл юм.
3 дугаар зүйл (Үйлчилгээний нөхцөлийг нийтлэх, өөрчлөх)
- ① KMI нь энэхүү нөхцөлийн агуулга, байгууллагын нэр, байршил, цахим шуудангийн хаяг зэрэг мэдээллийг хэрэглэгч танилцах боломжтойгоор вебсайтад байршуулна.
- ② Зайлшгүй нөхцөл үүссэн тохиолдолд KMI холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй хүрээнд энэхүү үйлчилгээний нөхцөлийг шинэчилж болно.
- ③ KMI үйлчилгээний нөхцөлийг шинэчилбэл хэрэгжих огноо, өөрчлөлтийн шалтгааныг тодорхой зааж, одоогийн нөхцөлийн хамт хэрэгжих өдрөөс 7 хоногийн өмнөөс өмнөх өдөр хүртэл үйлчилгээний дэлгэцэд мэдээлнэ.
- ④ Үйлчилгээний нөхцөлийг шинэчилсэн тохиолдолд шинэчилсэн нөхцөл нь хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш байгуулсан гэрээнд л үйлчилнэ. Түүнээс өмнө байгуулсан гэрээнд өмнөх нөхцөл хэвээр үйлчилнэ.
- ⑤ Энэхүү нөхцөлд тусгаагүй асуудал болон нөхцөлийг тайлбарлахад холбогдох хууль тогтоомж, нийтээр тогтсон худалдаа, үйлчилгээний заншлыг баримтална.
4 дүгээр зүйл (Үйлчилгээний агуулга ба өөрчлөлт)
- ① KMI нь дараах үйлчилгээг үзүүлнэ.
- 1. KMI-тай холбоотой мэдээлэл
- 2. Эрүүл мэндийн үзлэгтэй холбоотой мэдээлэл
- 3. Эрүүл мэндийн шинжилгээний цаг захиалах, захиалгын мэдээлэл харах
- 4. Эрүүл мэндийн шинжилгээний хариу харах
- 5. KMI-тай холбоотой бусад үйлчилгээ
- ② Зайлшгүй нөхцөл үүсвэл KMI үзүүлж буй үйлчилгээний агуулгыг өөрчилж болох бөгөөд өөрчлөгдсөн үйлчилгээний агуулга, хэрэгжих огноог тодорхой зааж, хэрэгжих өдрөөс 7 хоногийн өмнөөс вебсайтаар мэдэгдэнэ.
- ③ Үйлчилгээний агуулга өөрчлөгдсөнөөс хэрэглэгчид учирсан хохирлыг KMI нөхөн төлөхгүй. Гэхдээ KMI-ийн санаатай үйлдэл эсвэл ноцтой хайхрамжгүй байдлаас үүдсэн бол энэ заалт үйлчлэхгүй.
5 дугаар зүйл (Үйлчилгээг зогсоох)
- ① Систем, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, солих ажиллагаа, эвдрэл, холбоо тасрах болон бусад давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд KMI үйлчилгээ үзүүлэхийг түр зогсоож болно.
- ② 1 дэх хэсэгт заасан шалтгаанаар үйлчилгээ түр зогссоноос хэрэглэгч эсвэл гуравдагч этгээдэд учирсан хохирлыг KMI нөхөн төлөхгүй. Харин KMI санаатай үйлдэл эсвэл ноцтой хайхрамжгүй байдал гаргасан бол энэ заалт хамаарахгүй.
Хоёрдугаар бүлэг. Гишүүнчлэлийн тогтолцоо
6 дугаар зүйл (Гишүүнээр бүртгүүлэх)
- ① Хэрэглэгч KMI-аас тогтоосон маягтын дагуу гишүүний мэдээллээ бөглөж, энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр гишүүнээр бүртгүүлэх хүсэлт гаргана.
- ② Өмнөх хэсгийн дагуу гишүүнээр бүртгүүлэх хүсэлт гаргасан хэрэглэгч нь заасан татгалзах үндэслэлүүдэд хамаарахгүй бол KMI гишүүнээр бүртгэнэ.
- 1. Бүртгүүлэх хүсэлт гаргагч энэхүү нөхцөлийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өмнө нь гишүүнчлэлийн эрхээ хасуулж байсан бол.
- 2. Бүртгүүлэх хүсэлтийн мэдээлэл худал, дутуу эсвэл алдаатай бичигдсэн тохиолдолд
- 3. Гишүүнээр бүртгэх нь KMI-ийн техникийн эсвэл үйл ажиллагааны хувьд ноцтой хүндрэл учруулна гэж үзсэн бусад тохиолдолд
- ③ Гишүүнчлэлийн гэрээ нь хэрэглэгч KMI-д бүртгүүлэх үйл явцыг зохих ёсоор дуусгасан буюу KMI-ийн зөвшөөрөл бүртгүүлэх хүсэлт гаргагчид хүрсэн үед байгуулагдсанд тооцно.
- ④ Гишүүний бүртгэлийн мэдээлэл шинэчлэх бол вебсайтын бүртгэлийн мэдээлэл засах хэсэг эсвэл бусад аргаар KMI-д нэн даруй мэдэгдэх ёстой. Мэдээллээ шинэчлээгүйгээс учирсан хохирлыг гишүүн бүрэн хариуцна.
7 дугаар зүйл (Гишүүнчлэл цуцлах, эрхээ алдах зэрэг)
- ① Гишүүн өөрийн мэдээллийг засварлах хэсгээр дамжуулан хүссэн үедээ гишүүнчлэлээ цуцлуулах хүсэлт гаргаж болох бөгөөд KMI хүсэлтийг нэн даруй шийдвэрлэнэ.
- ② Гишүүн дараах үндэслэлүүдийн аль нэгэнд хамаарвал KMI гишүүнчлэлийн эрхийг цуцалж болно.
- 1. Гишүүний мэдээлэлд худал мэдээлэл бүртгэсэн тохиолдолд
- 2. Бусдын үйлчилгээ ашиглахад саад учруулах, мэдээллийг нь хууль бусаар ашиглах зэргээр хэв журмыг алдагдуулсан тохиолдолд
- 3. KMI-д баталгаажаагүй худал мэдээлэл түгээх, зөвшөөрөлгүй бараа бүтээгдэхүүн худалдах үйлдэл хийсэн тохиолдолд
- 4. KMI-ийн хүрээнд зөвшөөрөлгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эсвэл түүнийг сурталчлах талбар болгон ашигласан тохиолдолд
- 5. KMI-д нийтэлсэн мэдээллийг өөрчлөх зэргээр вебсайтын үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд
- 6. KMI-ийн үйлчилгээг ашиглан хууль тогтоомж, энэхүү нөхцөлөөр хориглосон эсвэл нийтийн ёс суртахуунд харш үйлдэл хийсэн тохиолдолд
- 7. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд
- 8. Бусад шалтгаанаар гишүүнчлэлийг үргэлжлүүлэх нь зохисгүй гэж үзсэн тохиолдолд
8 дугаар зүйл (Гишүүдэд мэдэгдэх)
- ① KMI тодорхой гишүүнд мэдэгдэл хүргүүлэхдээ тухайн гишүүний KMI-д бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг эсвэл утасны дугаарыг ашиглаж болно.
- ② Тодорхой бус олон тооны гишүүнд нийтлэг мэдэгдэл хүргүүлэх тохиолдолд KMI вебсайтын мэдээллийн самбарт нийтлэх замаар нэг бүрчлэн мэдэгдэхийг орлуулж болно.
9 дүгээр зүйл (Идэвхгүй бүртгэл)
- ① KMI-аас өгч буй эрүүл мэндийн мэдээлэл нь ерөнхий мэдээллийн шинжтэй бөгөөд ямар ч тохиолдолд мэргэжлийн эмнэлзүйн оношилгоо, эмчийн үзлэг, эмчилгээг орлохгүй.
- ② Бүртгэл нь идэвхгүй төлөвт шилжсэн гишүүний KMI гишүүний үйлчилгээ ашиглах эрх хязгаарлагдах бөгөөд KMI тухайн бүртгэлийн хувийн мэдээллийг ашиглах, бусдад дамжуулахгүй.
- ③ KMI бүртгэлийг идэвхгүй төлөвт шилжүүлэхээс 30 хоногийн өмнө гишүүнд мэдэгдэнэ.
- ④ Бүртгэл нь идэвхгүй төлөвт шилжсэн гишүүн вебсайт эсвэл гар утасны аппликейшнд нэмэлт баталгаажуулалт хийснээр бүртгэлээ дахин идэвхжүүлж болно.
10 дугаар зүйл (Шинжилгээний цаг захиалах хүсэлт ба баталгаажуулалт)
- ① Хэрэглэгч вебсайт болон гар утасны аппликейшнээр дамжуулан дараах аргаар эрүүл мэндийн үзлэгийн цаг захиална.
- 1. Төрсөн огноо, хүйс, овог нэр, утасны дугаар оруулах
- 2. Үзлэгийн төрөл, нэмэлт сонголт, үзлэгийн огноог сонгох
- 3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөө илэрхийлэх
- ② KMI нь 1 дэх хэсэгт заасан цаг захиалах хүсэлтийг дараах татгалзах үндэслэлд хамаарахгүй бол хүлээн авна.
- 1. Хүсэлтийн мэдээлэл худал, дутуу эсвэл алдаатай бичигдсэн тохиолдолд
- 2. Цаг захиалах хүсэлтийг хүлээн авах нь техникийн хувьд ноцтой хүндрэл учруулна гэж үзсэн бусад тохиолдолд
- ③ Цаг захиалах хүсэлтийг илгээсний дараа хэрэглэгчийн гар утсанд захиалга баталгаажсан тухай SMS ирснээр цаг захиалга хүчин төгөлдөр болсонд тооцно.
Гуравдугаар бүлэг. Хувийн мэдээлэл хамгаалах
11 дүгээр зүйл (Хувийн мэдээлэл хамгаалах)
- ① KMI нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалахад шаардлагатай арга хэмжээг авна.
- ② Хэрэглэгчийн хувийн мэдээлэлд холбогдох хууль тогтоомж болон KMI-аас тусад нь нийтэлсэн “Хувийн мэдээлэл боловсруулах журам” үйлчилнэ.
- ③ Өмнөх хэсэгт зааснаас үл хамааран үйлчилгээний бүрэлдэхүүнд багтах тусгай үйлчилгээнээс бусад, вебсайт болон үйлчилгээний хуудсаас зөвхөн холбоосоор нэвтэрдэг гаднын вебсайтад KMI-ийн Хувийн мэдээлэл боловсруулах журам үйлчлэхгүй.
- ④ Хэрэглэгчийн өөрийн буруугаас ил болсон мэдээлэлтэй холбоотой аливаа хариуцлагыг KMI хүлээхгүй.
Дөрөвдүгээр бүлэг. Үйлчилгээтэй холбоотой хариуцлагын хязгаарлалт
12 дугаар зүйл (Эрүүл мэндийн зөвлөгөөний үйлчилгээ)
- ① KMI нь хэрэглэгчийн зөвлөгөөний агуулгыг зөвлөгөө өгсөн эмч, сувилагч болон холбогдох ажилтнаас бусад гуравдагч этгээдэд задруулахгүй байх мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллана. Гэхдээ дараах шалтгааны улмаас зөвлөгөөний мэдээлэл ил болсон эсвэл гэмтсэн тохиолдолд KMI хариуцлага хүлээхгүй.
- 1. Хэрэглэгчийн хайхрамжгүй байдлаас хувийн мэдээлэл задруулсан тохиолдолд
- 2. Байгалийн гамшиг зэрэг бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан тохиолдолд
- ② Хэрэглэгчийн зөвлөгөө авах хүсэлтэд цогц, зохистой хариулт өгөхийн тулд зөвлөгөөний эмч, сувилагч болон ажилтнууд өмнөх зөвлөгөөний агуулга, хариулттай танилцаж болно.
- ③ Үйлчилгээгээр дамжуулан өгсөн зөвлөгөөний агуулгыг хувь хүнийг таних боломжгүй хэлбэрт оруулан дараах зорилгоор ашиглаж болно.
- 1. Түгээмэл асуулт, хариулт (FAQ) зэрэг үйлчилгээний агуулгын хэсэг
- ④ Зөвлөгөөний хариулт нь тухайн мэргэжлийн эмч, сувилагчийн анагаах ухааны мэдлэгт тулгуурласан хувь хүний санал бөгөөд KMI-ийн албан ёсны байр суурь биш. KMI зөвлөгөөний агуулгатай холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй.
- ⑤ Дараах тохиолдолд зөвлөгөө өгөх хүсэлтээс татгалзаж болно.
- 1. Ижил агуулгатай зөвлөгөө авах хүсэлтийг давтан гаргасан тохиолдолд
- 2. Зүй зохисгүй, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд нийцэхгүй үг хэллэг ашиглан зөвлөгөө хүссэн тохиолдолд
- 3. Өвчний оношийг шууд тогтоож өгөхийг хүссэн зөвлөгөөний хүсэлт гаргасан тохиолдолд
- 4. Эмчилгээний төлбөр, эмийн үнэ зэрэг асуудлаар зөвлөгөө хүссэн тохиолдолд
13 дугаар зүйл (Эрүүл мэндийн мэдээлэл өгөх үйлчилгээ)
- ① KMI-аас өгч буй эрүүл мэндийн мэдээлэл нь ерөнхий мэдээллийн шинжтэй бөгөөд ямар ч тохиолдолд мэргэжлийн эмнэлзүйн оношилгоо, эмчийн үзлэг, эмчилгээг орлохгүй.
- ② KMI нь эрүүл мэндийн мэдээлэлд дурдсан тодорхой шинжилгээ, бүтээгдэхүүн эсвэл эмчилгээний аргын үр дүнг баталгаажуулахгүй.
- ③ KMI-ийн өгсөн эрүүл мэндийн мэдээллийг хэрэглэгч зөвхөн өөрийн үзэмжээр ашиглах бөгөөд KMI уг мэдээллийг өгсөнтэй холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй.
Тавдугаар бүлэг. KMI болон хэрэглэгчийн үүрэг
14 дүгээр зүйл (KMI-ийн үүрэг)
- ① KMI нь хууль тогтоомж болон энэхүү нөхцөлөөр хориглосон, нийтийн хэв журам, ёс суртахуунд харш үйлдэл хийхгүй бөгөөд системийн засвар үйлчилгээ, солих ажиллагаа, эвдрэл, холбоо тасрах болон бусад давагдашгүй хүчин зүйл зэрэг онцгой нөхцөл үүсээгүй тохиолдолд энэхүү нөхцөлийн дагуу үйлчилгээг тасралтгүй, тогтвортой үзүүлэхийн төлөө ажиллана.
- ② KMI нь хэрэглэгчийн зээлийн мэдээлэл зэрэг хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах техникийн хамгаалалтын арга хэмжээ авч, зохих удирдлагаар ханган мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахад бүх хүчин чармайлтаа гаргана.
- ③ KMI нь хэрэглэгчийн хүсээгүй арилжааны зориулалттай сурталчилгааны имэйл илгээхгүй.
15 дугаар зүйл (Хэрэглэгчийн ID, нууц үгтэй холбоотой үүрэг)
- ① Үйлчилгээг ашиглах үед зарим функцэд хэрэглэгчийн ID болон нууц үг ашиглах шаардлагатай.
- ② ID болон нууц үгийн бүх удирдлага, хамгаалалтын хариуцлагыг хэрэглэгч өөрөө хүлээнэ.
- ③ Хэрэглэгч өөрийн ID болон нууц үгийг гуравдагч этгээдэд ашиглуулахыг хориглоно.
- ④ Хэрэглэгч өөрийн ID, нууц үг алдагдсан эсвэл гуравдагч этгээд ашиглаж байгааг мэдсэн даруйдаа KMI-д мэдэгдэж, KMI-аас өгсөн зааврыг дагаж мөрдөнө.
16 дугаар зүйл (Хэрэглэгчийн үүрэг)
- ① Хэрэглэгч дараах үйлдлүүдийг хийхийг хориглоно.
- 1. Худал мэдээлэл бүртгэх
- 2. KMI-д нийтлэгдсэн мэдээллийг өөрчлөх
- 3. KMI-аас тогтоосон мэдээллээс бусад мэдээлэл (компьютерын программ зэрэг) илгээх эсвэл нийтлэх
- 4. KMI болон бусад гуравдагч этгээдийн зохиогчийн эрх зэрэг оюуны өмчийн эрхийг зөрчих
- 5. KMI болон бусад гуравдагч этгээдийн нэр төрд халдах эсвэл үйл ажиллагаанд саад учруулах үйлдэл
- 6. Садар самуун эсвэл хүчирхийллийн агуулгатай зурвас, зураг, дуу авиа болон нийтийн ёс суртахуунд харш бусад мэдээллийг KMI-д нийтлэх, байрлуулах үйлдэл
- 7. Бусад хэрэглэгчид эмнэлгийн тусламж, зөвлөгөө үзүүлэх эсвэл зуучлах үйлдэл
- 8. Гуравдагч этгээдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сурталчлах үйлдэл
- 9. Бараа бүтээгдэхүүн худалдах эсвэл худалдаанд зуучлах үйлдэл
- 10. Холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчих зэрэг зохисгүй гэж үзэх үйлдэл
- ② Өмнөх хэсэгт заасан мэдээлэл болон KMI үйлчилгээний үйл ажиллагаанд зохисгүй гэж үзсэн бусад мэдээлэл вебсайт эсвэл вебсайттай холбогдсон хуудсанд нийтлэгдсэн бол KMI тухайн мэдээллийг нийтэлсэн хэрэглэгч эсвэл бусад этгээдийн зөвшөөрөлгүйгээр мэдээллийг устгах, холбоосыг таслах эрхтэй. Гэхдээ KMI ийм мэдээллийг заавал устгах, холбоосыг заавал таслах үүрэг хүлээхгүй.
Зургадугаар бүлэг. Бусад
17 дугаар зүйл (Зохиогчийн эрхийн эзэмшил ба ашиглалтын хязгаарлалт)
- ① KMI-ийн бүтээсэн материалын зохиогчийн эрх болон бусад оюуны өмчийн эрх KMI-д хамаарна.
- ② Хэрэглэгч вебсайтаас авсан мэдээллийг KMI-ийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, дамжуулах, хэвлэх, түгээх, нэвтрүүлэх болон бусад аргаар ашиг олох зорилгоор ашиглах, эсвэл гуравдагч этгээдэд ашиглуулахыг хориглоно.
18 дугаар зүйл (Маргаан шийдвэрлэх)
- ① Хэрэглэгч вебсайт эсвэл гар утасны аппликейшн ашиглахтай холбоотой гомдол, санал гаргах бол тухайн гомдол, саналаа цахим шуудангаар илгээж болно.
- ② Хэрэглэгчийн гаргасан гомдол, санал үндэслэлтэй гэж үзвэл KMI нэн тэргүүнд шийдвэрлэнэ. Шуурхай шийдвэрлэх боломжгүй бол шалтгаан болон шийдвэрлэх хуваарийг хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
- ③ Энэхүү нөхцөлд заагаагүй үйлчилгээ ашиглалттай холбоотой аливаа маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
19 дүгээр зүйл (Шүүхийн харьяалал ба хэрэглэх хууль)
- ① KMI болон хэрэглэгчийн хооронд үйлчилгээ ашигласантай холбоотой маргаан үүсвэл нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан харьяалах шүүхэд гаргана.
- ② KMI болон хэрэглэгчийн хооронд цахим гүйлгээтэй холбоотой шүүхийн маргаанд БНСУ-ын хууль тогтоомжийг хэрэглэнэ.
(Нэмэлт заалт)
1 дүгээр зүйл (Шилжилтийн зохицуулалт)
2021 оны 2-р сарын 15-наас мөрдөж байсан өмнөх үйлчилгээний нөхцөлийг энэхүү нөхцөлөөр солино.
2 дугаар зүйл (Хүчин төгөлдөр болох өдөр)
Энэхүү нөхцөл 2022 оны 2 дугаар сарын 9-нөөс мөрдөгдөнө.